Thursday, December 5, 2013

биеийн тамирын дасгалыг бие даан хийх сургалтын үндэс

МАГИСТР р. гантулга /муис-ийн орхон сургууль/
удирдагч. дэд проФ. л. уртнасан
Хураангуй
Өсвөр залуу үеийнхний эрүүл мэндийн байдал нь зөвхөн ямар нэг хурц архаг өвчтэй байгаа эсэхээр бус харин тухайн нас хүйсэнд тохирсон бие бялдрын болон оюун ухаан өв тэгш хөгжилт, хэвийн үйл ажиллагааны түвшингээр тодорхойлогдоно. Иймд тэдний эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэхэд өсөлт бойжилтын явцад бие махбодид явагдах биологийн өөрчлөлтийн шинж төрхийг заавал харгалзан үздэг. Өсөлт хөгжилт гэдэг нь бие махбодид явагдаж байгаа нэг процессын хоорондоо харилцан уялдаатай хоёр тал юм. Өсөлт гэдэг нь бие махбод бүхэлдээ болон тусгаар эд эрхтэн хэмжээний хувьд өсөн нэмэгдэх тооны өөрчлөлт юм. Хөгжилт гэдэг нь эд эрхтэн зохион байгуулалт болон үйл ажиллагааны хувьд боловсронгуй болж хөгжих чанарын өөрчлөлт болно. Насны үе ша бүрд бие махбодын өсөлт ба хөгжилт нь харилцан адилгүй явагдах бөгөөд түүний үндэс нь бие махбодын дотор явагдах бодисын солилцоо юм.
Бүх материалын оршин тогтнох хэлбэр нь хөдөлгөөн юм. Хүнийг үүсэж бий болоход хөдөлгөөн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Хүний эрхтэн систем нь хөдлөх тусам хөгжиж бэхжиж, бага хөдлөх бүр хатангаршин сулбайж байдаг. Тийм учраас эрдэмтэд хөдөлгөөн-хөдөлмөр хоёрыг булчингийн “баяр баясгалан” гэж нэрлэсэн. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийх тусам хүний уураг тархины эд эсийн тэжээл нэмэгдэж түүний ядаргаа арилж, бодисын солилцоо сайжирч төлжилт нь нэмэгддэгийг(В.В. Гориневский, М.А. Минкевич, Р.А. Богомолец)анагаах ухааны эрдэмтэд нэгэнт тодорхойлсон. Хүний биед байгаа 600 гаруй хөндлөн судалт булчин нь хөдөлгөөний үүргийг гүйцэтгэхийн тулд байгалиас заяасан эрхтэн юм. Хурдан гүйх, явах нь уушигний агаарын багтаамжийг мөн цусны хүчилтөрөгчийг ихэсгэнэ. Биеийн тамираар тогтмол хичээллэдэг хүмүүс нь бие эрүүл чийрэг хөгжил ба мэдрэл, амьсгал, зүрх судасны системүүдийн сайн ажиллагаагаараа ялгардгийг эрдэмтэдийн (Р. Е. Мотылясгкая, Д. В. Колесов, М. Петенкофер нарын ) туршлага харуулав. Бие бялдрын өсөлт хөгжилт насны үе шат бүрд жигд бус явагддаг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал манай  улсын эрүүл мэнд, боловсролын бодлогын амин чухал асуудлын нэг юм.
Оюутан залуучуудыг биеийн тамирын боловсролд оролцуулах нь эрүүл аж төрөх нэг гол зүйл болно. Оюутан залуучуудын биеийн тамирыг цаашид улам өргөжүүлэн зохион байгуулж эзэмших хэлбэрийн гол үүрэг нь биеийн тамирын дасгалыг бие даан хийх явдал юм. Оюутнуудын эрүүл мэнд болон сургалт нь хоорондоо холбоотой ба нэг нэгнээсээ шалтгаалж байдаг. Оюутны эрүүл мэнд ямар хэмжээнд сайн байна төдий чинээ түүний сурлагын түвшин өндөр байна. Оюутныг их дээд сургуульд сурах явцад сургалтын орчинд дасгахын тулд түүний сурах хугацаанд эрүүл мэндийг нь хамгаалах болон бэхжүүлэх асуудал гол үүрэг гүйцэтгэдэг ба үүний тулд тэднийг аль болох идэвхитэй хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй байдаг.
Орчин үеийн амьдралын хүнд нөхцөл нь хүмүүсийн биологийн болон нийгмийн чадварт их шаардлагыг тавьж байна. Хүмүүсийн биеийн тамирын чадварыг бүх талаас болон хөдөлгөөний идэвхийг зохион байгуулалтайгаар хөгжүүлэх нь түүнийг өөрийн дотоод бүх боломжийг төлөвшүүлэн ажиллах чадварыг дээшлүүлэх, урьдаа тавьсан зорилтдоо хүрэх, эрүүл мэндийг сайжруулах, ажлын богино цагт гүйцэгэхээр товлосон ажлаа багтаан хийх зэрэгт тусална. Хүний хөгжлийн явцад булчингийн хөдөлгөөн нь бусад эрхтэнүүдийн амьдралын үйл ажиллагаа, бие махбодийн системийг өөртөө шигээсэн байдаг, ийм учраас хөдөлгөөний идэвхи буурахад болон биеийн хүнд хөдөлмөр эрхлэхэд тодорхой мэдрэгддэг.
Тогтмол болон өөрийн нас, хүйс, эрүүл мэндэд тохируулсан биеийн тамирын дасгал хийх нь – эрүүл амьдрахад заавал шаардагдах нэг хүчин зүйл юм. Биеийн тамирын ачаалал нь өдөр бүр хийдэг болон зохион байгуулалттай эсвэл бие даан биеийн тамирын дасгал, спортоор хичээлэх гэх мэт төрөл бүрийн хөдөлгөөнт үйлдэл юм.
“ Биеийн тамир,  спорт “- оор бага наснаасаа эхлэн хичээллэсэн оюутнууд биеийн тамирын соёл боловсролд хандах хандлагыг тогтмол биеийн тамирын хичээл, спортоор хичээллэх болон бие даан эзэмших хэрэгцээг өөртөө бий болгосон байдаг.
Шинжлэх ухаан болон судлаачдын олон тооны үзүүлэлтүүдээс харахад биеийн тамир – спортын үйл ажиллагаа нь оюутнуудын хувьд хамгийн гол шаардлагатай зүйл гэж үзэх болоогүй байна. Оюутнуудын дунд бие даан биеийн тамирын дасгал хийх зорилт огт хангалтгүй байна.
Оюутнуудыг биеийн тамир – спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулахыг тодорхойлох хоёр хүчин зүйл байна. Үүнд: Нэгдүгээрт: Объектив талаас биеийн тамирын материаллаг баазын байдал, оюутны сургалтын явцад биеийн тамирын боловсрол олгох тухай хичээлийн багтаамж, агуулга, сургалтын хөтөлбөр, дасгалжуулагч багш – түүний хувь хүний чанар, хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдал, хичээл явуулж буй хугацааны хоорондын зай, түүний үргэлжлэх хугацаа ба сэтгэл зүйн өнгө төрх гэж хувааж үзэж болох юм.
            Их дээд сургуулиудад биеийн тамирын дасгалыг шаардлагатай гэх үндэслэлийг бий болгох бодлогыг биеийн тамирын тухай лекц, 1-2-р курсүүдийн дадлагын хичээл, нийтийг хамарсан эрүүлжүүлэх спортын арга хэмжээгээр дамжуулан цаашид хэрхэн бие дааж биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг олгож байх ёстой.
Үндэслэл нь боловсронгуй болсон бол ахлах курсын оюутнуудын бие даан биеийн тамираар хичээллэх хичээлийн зорилгыг: идэвхитэй амралт, эрүүл мэндээ бэхжүүлэх, бие бялдрын хөгжлийн түвшинг дээшлүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрын төрөл бүрийн норматив биелүүлэх болон спортын ямар нэгэн үр дүнд хүрэх гэх мэтээр тодорхой зорилго дэвшүүлэх хэрэгтэй.
Зорилгыг тодорхойлсоны дараа биеийн тамирын боловсролд ашиглах чиглэл болон биеийн тамирын дасгалыг бие даан хийх хэлбэрүүдийг зөв сонгох нь чухал юм.
Тодорхой чиглэл болон зохион байгуулалттай явуулах бие даах хичээлийн хэлбэрийг хичээлд оролцуулах хүний нас, хүйс, эрүүл мэндийн байдал, биеийн болон спортын бэлтгэлийн түвшингээс шалтгаалан сонгох хэрэгтэй ба бие даан хичээллэхдээ хоёр буюу 3-5 хүний бүрэлдэхүүнтэй багаар хичээллэвэл илүү үр дүнд хүрэх ач холбогдолтой юм.


1 comment: