Thursday, December 5, 2013

ОЮУТНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БА ТЭДНИЙ ЭРҮҮЛ МЭНД
МАГИСТР Р. ГАНТУЛГА / МУИС-ИЙН ОРХОН СУРГУУЛЬ/
УДИРДАГЧ. ДЭД ПРОФ. Л. УРТНАСАН
Хураангуй
Оюутны эрүүл мэндээ хамгаалах нь амьдралын хэв маягаас шалтгаална. Түүнд анхаарал хандуулах нь оюутнуудын ухамсар, биеийн тамирын боловсролоос ихээхэн хамаардаг. Өөрийн чөлөөт цагаа юунд яаж зарцуулж байгаа нь амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Чөлөөт цагаа зөв зохицуулж сураагүй, тодорхой төлөвлөгөө, өдрийн дэглэм баримталж сураагүй оюутнуудын нийгмийн идэвхи оролцоо сул, бүтээлч биш байдаг. Амьдралын идэвхи хэв маягийг ааш араншингаар нь тодорхойлж болох боломжтой. Учир нь цовоо сэргэлэн, дайчин оюутнууд нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай, оролдлоготой байдаг нь ажиглагддаг.
Түлхүүр үг: Эрүүл амьдрал, хэв маяг, бүтээлч байдал, хөдөлгөөний дутагдал
Оршил
Амьдралын хэв маяг, орчин нөхцөл, эрхэмлэх үнэт зүйлс эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй цоо шинэ цаг үед оюутан залуучууд маань суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог. Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Тухайлбал: Зохисгүй хоололт, нойр дутуу байх, хөдөлгөөний идэвхгүй байдал, бие бялдрын хөгжил сул, өдрийн дэглэм баримталж сураагүй, төлөвлөгөөгүй ажилладаг зэргээр илэрдэг. Тэдэнд эрүүл аж төрөх ёс - зан үйлийн тухай болон бие бялдрын боловсрол, соёлын мэдлэг дутмаг, биеийн тамир, чийрэгжилтийг амьдралынхаа өдөр тутмын хэрэгцээ болгох дадал хэвшил төлөвшөөгүй, биеийн тамир спортоор хичээллэх таатай орчин, ахуй нөхцөл бий болгох чадваргүй, мэдээлэл мэргэжлийн сургалт сурталчилгаа хомс зэрэг олон хүчин зүйлийг шалтгаан болгон дурдаж болох юм. Нэгэн үе биеийн тамир спортыг хөгжүүлэхэд залуучуудын байгууллага хошуучлан оролцож их дээд сургуулиар дамжин шинэ залуу спортын төрлийг түгээн дэлгэрүүлдэг байсан[1]. Тухайн үед оюутан залуучуудын амьдралын хэв маяг, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хичээл номоо давтах, давтлага зөвөлгөө авах хэлбэр одоо үеэс өөр байсан байж болох юм. Гэтэл орчин үеийн залуучуудын амьдралд интернет тоглоом, баар цэнгээний газар, амралт зугаалгын бааз, худалдааны төв гэх мэт үйлчилгээний газарууд ихээр бий болсноор амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байна.
Иймд бид их, дээд сургуулийн оюутан залуучууд чөлөөт цагаараа эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх, идэвхтэй амьдралын эрүүл хэв маягийг мөрдөх дадал зуршилаа хэрхэн бий болгож байгааг судлахыг зорилоо. 
Сэдвийн үндэслэл
Эрүүл амьдарлын хэв маяг нь хувь хүний хөдөлмөрийн болон нийгмийн идэвхи, сэтгэл санааны тогтвортой байдал, ажиллах чадварын өсөлт зэрэг нийгэм соёлын таатай бичил орчинг бий болгодог. Эрүүл аж төрөх хэв маягт оюутны өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдсэн тодорхой үйлдлүүд ордог. Үүнд: хувийн зохион байгуулалт, өдрийн дэглэм баримтлах, эрүүл мэндээ сайжруулахад чиглэгдсэн үйлдлүүд, амьдралын төрөл бүрийн зуршлууд ордог.
Оюутны амьдралын буруу зуршлууд нь оюутны эрүүл мэнд, ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөгийг тогтоосон байна. Бүх зуршлуудыг 100% гэж үзвэл нойр дутуу байдал нь 24-30%, зохисгүй буруу хоололт нь 10-16%, хөдөлгөөний дутмагшил нь 15-30% гэх мэтээр тус тус нөлөөлдөг[2]. Амьдралын ийм буруу зуршлын сөрөг үр дагавар нь хичээлийн жилийн сүүлээр оюутны өвчлөлийн тоо нэмэгдэх, ажиллах чадвар сулрах, идэвх санаачлагагүй байх зэргээр илэрдэг. Энэхүү буруу зуршил нь 4-5 жилийн турш буюу оюутны их сургуулиа төгсөх хүртэл үргэлжилнэ гэж үзвэл оюутны ажиллах чадварт бодит хор нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь: Монгол Улсын Их сургуулийн Орхон сургуулийн 200 гаруй оюутны биеийн ерөнхий хөгжлийг сурах явцад нь тодорхой хувиар буурах үзүүлэлттэй байв. Тухайлбал: 1-р курст байхдаа өгсөн оюутнуудын бие бялдрын ерөнхий хөгжлийг сорилын үзүүлэлтийг 100% гэж үзвэл, 2-р курстээ 91,9%, 3-р курстээ 83,1%, 4-р курстээ 75,8% хүртэл тус тус буурсан үзүүлэлттэй байв. Дээрх бодит үзүүлэлтийг үндэслэн дүгнэлт хийвэл их сургууль дахь биеийн тамирын хичээл нь оюутны эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх эх үндэс болж чадахгүй байгаа төдийгүй хувь хүний амьдралын хэв маяг буюу чийрэгжүүлэх дасгал, спортоор хичээллэж буй зэргээс ихээхэн шалтгаалдаг болох нь харагдаж байна.
Эрүүл амьдралын хэв маяг нь хувь хүний хөдөлмөрийн болон нийгмийн идэвхи, сэтгэл санааны тогтвортой орчин, ажиллах чадварын өсөлт зэрэг нийгэм соёлын таатай бичил орчинг бий болгодог. Эрүүл амьдралын хэв маягийн хүрээнд оюутны эрүүл мэндээ сахин хамгаалах хариуцлага нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Учир нь “Эрүүл биед саруул ухаан оршино “ гэдгээр эрүүл чийрэг бие бялдартай сэргэлэн цовоо шинэ залуу боловсон хүчин эх орноо хөгжүүлнэ.
Эрүүл амьдралын хэв маягийн үндсэн элементүүдэд эрүүл ахуйн сахилга бат, өдрийн дэглэм, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, муу зуршлаас татгалзах нь хувь хүний зорилтод үйлдлүүд, харилцааны соёл болон хамт олны дунд биеэ авч явах соёл, бэлгийн зан үйл гэх мэт зүйлүүд багтдаг[3].
Амьдралынхаа хэв маягийг тодорхой төлөвлөгөөтэй зохион байгуулснаар түүний өдөр тутмын амьдрал нь эмх цэгцтэй, үүний үр дүнд бие бялдрын хувьд эрүүл, өв тэгш болж хүмүүждэг. Эрүүл амьдралын хэв маягийг дагаж мөрдснөөр тухайн хүнийг хүрээлэн байдаг сөрөг үйлдлүүдээс (шаардлага, шүүмжлэл, муу зуршил гэх мэт) хамгаалж, нэгэн төрлийн бат бэх хана болж байдаг.
Эцэст нь дүгнэхэд Оюутан эрүүл амьдралынхаа хэв маягийг өөрийн санаанд тохируулан байнга өөрчилж шинэчилж, шинээр бүрдүүлж болно. Эрүүл амьдралын хэв маяг нь ямар үнэт зүйлийг бий болгож, нийгмийн ямар хэрэгцээг хангаж байгаа, хувь хүний хөгжилд ямар ахиц гарч буй зэргээр илэрхийлэгдэнэ.
Бодит амьдралын хэв маяг болон субъект харилцааны системийн хооронд зөрчил гарч ирдэг ба энэ зөрчлийг арилгах явцад амьдралын хэв маягийн өөрчлөлт шинэчлэлт нь төгс төгөлдөр болох процесс явагддаг. Оюутан хүн яаж амьдарч байна гэдэг нь чухал боловч үүний зэрэгцээ юуны төлөө амьдарч, юугаар бахархаж, юуны төлөө тэмцэж байгаа нь мөн чухал байдаг. Амьдралын хэв маяг нь үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн болон амьдралын туршлагаас ихээхэн хамаардаг байна. Иймээс бид хүүхдийг бага наснаас нь эхлэн дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа чийрэгжүүлэх, өдрийн дэглэм, үйл ажиллагааны төлөвлөгөөг зохиох амьдралын өдөр тутмын хэв маягийг бий болгоход нь туслах хэрэгтэй байна. Энэ цаашлаад өөрийнх нь болон гэр бүл, найз нөхөд, хамт олны эрүүл амьдралын хэв маяг болж өргөжих боломжтой. Эрүүл чийрэг бие бялдар жаргалтай амьдралын үндэс юм. Эрүүл чийрэг бие бялдрыг системтэй, төлөвлөгөөтэй дасгал хөдөлгөөнөөр бий болгоно. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийхэд амьдралын эрүүл хэв маяг хамгаас чухал. Учир нь биеийн тамирын спортыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож байж амжилтанд хүрдэг төдийгүй хөдөлгөөний дутагдалд орсноор үүсэн бий болдог төрөл бүрийн өвчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
            Дэвшүүлэх санал оюутан залуучууд маань өдөр тутмын амьдралдаа өөрийн үзэл бодол, хийж буй үйлдэл бүрээрээ, санал санаачлагаараа, бусдадаа үлгэр дууриалал болж  биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг идэвхтэй дэмжин тогтмол хичээллэж идэвхтэй амьдралын эрүүл хэв маягийг дагаж мөрдөх нь юу юунаас чухал байна. Энэ нь тухайн хүний өөрийнх нь эрүүл энх урт насалж, ихийг хийж бүтээж зорьсондоо хүрэхэд хамгийн хэрэгтэй зүйл юм. Оюутан, залуучуудын сайн дурын болон төрийн бус байгууллагууд нь идэвх санаачлагатай залуусыг дэмжин өөрийн оршин суугаа газар, ажиллаж, сурч байгаа орчиндоо шинэ залуу спортын төрлүүдийг сурталчилах, олон нийтийг түүнд татан оролцуулах ажилд бүтээлчээр оролцож идэвхтэй амьдралын эрүүл хэв маягийг баримтлаж бусдыгаа уриалах нь ихээхэн чухал байна.



[1] Цэрэндорж.Га., “Бие бялдрын хүмүүжлийн зарим асуудал” УБ., 1990он 45-р тал
[2]  Ильинича.В.И., “Физическая культура студента” Москва., 2000г  35 -р тал
[3]  Ильинича.В.И., “Физическая культура студента” Москва.,2000г  36-р тал

1 comment: