Monday, March 24, 2014

Оюуны алжаал тайлах дасгалын тухай
Эрүүл биед саруул ухаан оршино гэж манай ард түмэн ярьдаг. Тэгвэл “хүний эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтэн бүрэн байх төдий бус бие бялдар, оюун санаа, нийгэм ахуйн төгс түвшин байдлыг хэлнэ” гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ. Хүний эрүүл мэндийг бэхжүүлж, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх чухал нөхцөл нь байнгын идэвхтэй хөдөлгөөн юм. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжил нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын идэвхтэй хөдөлгөөнийг багасгаж, хөдөлгөөний дутагдалд оруулах боллоо. Ялангуяа оюутан суралцагчид өдрийн цагийн 80%-ийг суугаа байдалд өнгөрөөж байгааг тогтоосон бөгөөд тэдний хувьд  хөдөлгөөн дутагдах өвчний урьдал болсон хөдөлгөөний идэвх буурч, бие махбодын үйл ажиллагаанд өөрчлөлт гарч эхэлдэг.
Ингэж хөдөлгөөн багасах нь олонх эрхтний, ялангуяа зүрх-судасны ба амьсгалын тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлнө. Харьцангуй удаан хугацааны турш ширээний ард сууснаас хүний бодисын солилцоо, цусны эргэлт удааширч бүх бие, түүний дотроос уураг тархины ажиллах чадвар буурна. Улмаар анхаарал, ой тогтоолт суларч, хөдөлгөөний эвсэл алдагдана.
Орчин үед хөдөлгөөн дутагдлаас ангижрах, эрүүл мэндээ бэхжүүлж, оюуны болон биеийн ажиллах чадвараа тогтмол хадгалах цорын ганц найдвартай арга нь биеийн тамирын дасгалаар тогтмол, зохион байгуулалттай хичээллэлт гэж үзэж байна. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийх тусам хүний уураг тархины эд эсийн тэжээл нэмэгдэж түүний ядаргаа арилж, бодисын солилцоо сайжирдаг болохыг олон эрдэмтэд судалж нотолсон. Идэвхтэй хөдөлгөөний үед ажиллаж буй булчингуудаас ирсэн олон тооны дохио нь уураг тархины ажиллагааг идэвхжүүлдэг. Учир нь төрөл бүрийн дасгалыг гүйцэтгэхэд хүний биеийн судас тэлж, цусаар дүүрснээр булчинд тэжээллэг бодис нэвтрэн ороход дэмжлэг болж бодисын солилцоо хурдасна.
Эрдэмтдийн бүтээлүүдэд хөдөлгөөн нь идэвхжсэн булчингуудаас төв мэдрэлийн системийн дээд хэсэг болох уураг тархины бор хальсанд дохио очдог талаар тайлбарласан байдаг. Тархины бор хальсанд бүх эрхтэн, систем өөрийн гэсэн төлөөлөгчтэй байх бөгөөд тэдгээрээр дамжуулан бие махбодыг бүхэлд нь нэгтгэсэн нарийн төвөгтэй системээр удирддаг. Уураг тархины бор хальс мэдээллийн асар их урсгалыг тэрхэн зуур боловсруулж биеийн эрхтэнүүдийн эмх цэгцтэй үйл ажиллагааг нарийн зохицуулдаг байна. Оросын эрдэмтэн В.К.Петров хэсэг хугацаанд оюуны хөдөлмөр хийсний дараа 10-15 минут биеийн тамирын дасгалыг гүйцэтгэх нь тухайн хүний ажиллах чадварыг хоёр дахин нэмэгдүүлдэг ба хэвийн амралтаас хоёр дахин илүү үр дүнтэй[1] хэмээн дүгнэсэн.
Эндээс үзвэл дасгал хөдөлгөөний үр дүнд биеийн булчинг ерөнхийд нь тэнцүү хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, булчингийн хөгжлийн нөлөөгөөр эд эрхтний үйл ажиллагаа сэргэж, бодисын солилцоо идэвхжин, цусны эргэлт хурдсан, хүний уураг тархины үйл ажиллагааг сэргээж хэвийн ажиллах нөхцлийг хангадаг байна.
Иймээс лекц, семинар, дадлага хичээлийн дундуур оюутнуудын уураг тархины үйл ажиллагааг сэргээх чиглэлийн дасгалаар хичээллэх нь тэдний ой тогтоолт, анхаарлыг сайжруулан, идэвх санаачлагатай бүтээлч ажиллахад ихээхэн нөлөөтэй юм.
Оюуны алжаал тайлах дасгал гэдэг нь удаан хугацаанд нэг байрлалд (суугаа байдалд) байсан булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж, бие махбодын болон оюун ухааны алжаал, ядаргааг тайлах зорилготойтөрөл бүрийн хөдөлгөөний үйлдлүүд юм. Хичээлийн нийт хугацааны ½-ээс дээш хугацаа өнгөрөхөд суралцагчдын анхаарал суларч, ой тогтоолт бууран, мэдрэлийн тогтолцоо ядарч эхлэх учраас энэ үед богино хугацааны идэвхтэй хөдөлгөөн бүхий цогц дасгалыг хийвэл зохино. Оюуны алжаал тайлах дасгалыг ашиглахдаа дараах дүрмийг баримталбал зохино. Үүнд:
-       Алжаал тайлах цогц дасгалыг биеийн тамирын багш зохиож, бусад хичээлийн багш нар хичээл орж буй ангийн суралцагчдыг удирдан хийлгэх
-       Нуруу, суудлын хэсэг, хөлийн булчингууд болон гарын хурууны ядаргаа, нүдний чилээг арилгаж, цусны эргэлтийг түргэтгэхэд чиглэсэн 5-10 дасгалаас уг цогц дасгал бүрдэх
-       Нийт хугацаа нь 5 мин-аас хэтрэхгүй байх
-       Суралцагчид ширээнээсээ босож, аль болох чөлөөтэй зайд зогсон цогц дасгалыг гүйцэтгэх
-       Зангиа болон бүсээ суллан, захны товчоо тайлсан байх зэрэг болно.
Заримдаа зай талбай хүрэлцээгүй тохиолдолд алжаал тайлах дасгалыг ширээнийхээ ард суусан байдлаас гүйцэтгэж болох боловч энэ нь зогсож хийснээс удаан хугацаанд ажиллах чадварыг сэргээх болно.
Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, оюутны сурах хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, тэдний оюун ухааны чадавхийг байнга өндөр түвшинд байлгахад туслах үүднээс оюуны алжаал тайлах цогц дасгалын жишээг толилуулж байна. Та бүхэн хичээлийнхээ явцад эдгээр дасгалаас сонгон хэрэглээрэй.



[1] Петров.В.К. Сила нужна всем. М., Физкультура и спорт. 1984. с 22

1 comment: